0009. МОНГОЛ МОРЬТОН

БНХАУ-ын нутгаас эртний нүүдэлчид болон Их Юань улсын түүх соёл, аж амьдралтай холбогдох эд өлгийн зүйлс илэрсээр байна. Саяхан Бээжин хотын музейгээс эрхлэн “Их Юань улсын гурван нийслэл” хэмээх каталоги гарчээ[1]. Үүнд, Юань улсын дээд нийслэл Шанду зэрэг хотын тууриас олдсон түүх, соёл, урлагийн үнэ цэнэтэй сонирхолтой дурсгалуудыг багтаасан бөгөөд зарим дурсгалын тухай онцлохыг зорив. Уг дурсгал одоогийн Шаньси мужийн Си-ань хот орчмын Ся-диань тосгоноос олдсон морь унасан хүний хоёр зүйл баримал юм.

Уг олдвор эдүгээ Шаньси мужийн археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд дундажаар 37,5 см өндөр, 32 см урттай шавраар урласан, морь унасан монгол хүнийг дүрсэлсэн байна. Хүн нь морин дээр хөлөө жийсхийж хагас суугаад, цээжээрээ зөв тийш эргэж хандан жолоо цулбуураа атган нэгэн зүйл рүү анхааран харж буй байдалтай. Улаан залаатай бөмбөгөр орой бүхий бүрх малгай өмсчээ. Магнайд унжсан гөхөлтэй, хоёр чихний араар багцлан боосон “шибилгэр” гэзэгтэй. Хүний царай нь уужим талбиун, өтгөн хөмсөг онигор нүдтэй, урт шулуун хамартай махлаг дунд эргэм насны эрийг дүрсэлжээ. Хүний биед нарийн ханцуй, өргөн эмжээр бүхий зөв энгэр, ташуу захтай, энгэр, хормой хэсэгтээ олон хуниастай, урт хормойт уужим дээлтэй, нарийн бүс бүсэлж, яльгүй ээтэн хоншоортой зузаан ултай, урт түрийт гуталтай аж.

Харин морь нь урт дэлтэй, сүүлийг нь шууж боосон, бахим богино хүзүү, лагс тарган биетэй боловч болхи гэмээр хийц дүрслэлтэй. Морины толгойд дугариг зуузай төмөр амгайтай хазаарыг шилэвч, сагалдаргын хамт дүрсэлсэн байна. Эмээл нь уужим суудалтай, өргөн дан эмжээр бүхий дугуй гөлөмтэй, хойш урагш хударга, хөмөлдөргө хэрэглэлтэй, нэг олом, том эсгий тохом байгаа нь харагдана.

Морь унасан хүний нэг нь нуруундаа гонзгой дөрвөлжин хэлбэрийн улаан өнгөөр будсан модон сав үүрсэн бол нөгөө барималд ташаа бүсэлхийдээ шаргал өнгийн бортого савыг тусгай бүсээр бүсэлж буйгаар дүрсэлжээ. Эмээлийн хударга, хөмөлдөргө, олом, савны оосор бүчийг шаргал өнгийн шороон будгаар будаж шир юмуу суран эдлэл болохыг тодорхой харуулжээ.        

Тус хоёр зүйл шавар баримлыг хятадын судлаачид өртөө дамжин явах мэдээч элчдийг дүрсэлсэн хэмээн тайлбарлажээ. Ямартай ч энэ шавар баримлууд XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний үед холбогдох нь тодорхой юм. Ийм дүр дүрслэлтэй, төстэй дурсгалууд манай улсын дорнод бүс нутгаас илэрдэг монголчуудын чулуун хөргүүд, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум дахь археологийн судалгаагаар олдсон шавар барималууд, хадны  оршуулга зэргээс олддог энэ үеийн хэрэглэгдэхүүнтэй туйлын төстэй байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Шонх таван толгой хэмээх газраас олдсон хүн чулуу. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Хархорум хотын тууриас олдсон монгол дээлтэй хүний шавар баримал зэрэгтэй харьцуулан үзэхэд тэр цагийн монгол хүний нүүр царай, үс гэзэг, малгай бүс гэх мэт зүйлсийг нарийн тодорхой авч үзэх бодит хэрэглэгдэхүүн болж байна. Тиймээс БНХАУ-ын нутгаас олдож буй дээрх баримал тэргүүтэн Их Монгол улсын түүх, зан заншил, соёл урлагийн хир хэмжээг харуулах, тухайн үеийн монголчуудын дүр төрх, хувцас хунар, эдлэл хэрэглэлийг чухам ямархуу байж вэ гэдгийг өнөө бидний үед тээн авчирч, тодлон харуулах сонирхолтой сурвалж болох юм.

Зураг 1. Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Шонх таван толгой хэмээх газраас олдсон хүн чулуун /Ч.Амартүвшин, Б.Бадма-Оюу, Монголын хүн чулуу, УБ., 2016 номын зураг/

Зураг 2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Хархорум хотын тууриас олдсон монгол дээлтэй хүний шавар шуумал/ Д.Баяр, Монголын дундад зууны  археологийн судалгаа, III боть, УБ.,2014 номын зураг/

 [1] 大元三都,首都博物馆 编, 北京2016-7.

П.Бямбахорол, доктор (Ph.,D).

Б.Анхбаяр, доктор (Ph.,D).