0006. ЦОГТЫН ДОЛООН ЦОНЖ

БНХАУ-ын Хөх нуур мужийн Улаан шяний төвд “Халхын Цогт хун тайжийн сууж байсан” гэх домогтой “Ширгийн хотгор” гэдэг газар Хөх нуурын Монголчуудын нэрлэдгээр “Цогт хааны долоон цонж” хэмээх дурсгал бий. Түүнийг Цогт хунтайж Лигдэн хаантай холбоотон болж, Хөх нуур, Түвдийн нутгийг Манжчин гүрний эсрэг тэмцэх түшиц газар болгохыг оролдсон үйл ажиллагаатай холбоотой дурсгал гэж Дээд Монголчууд нотлон ярьдаг.  

XVII зууны эхэн үед Түвд дэх Буддын шашны урсгал хоорондын тэмцэл хүчтэй өрнөж байлаа. Тэр үед Монголчуудын олонх нь шар малгайтны урсгал буюу Гэлүгваагын ёсыг дагадаг байв. Харин халхын Цогт хунтайж, Лигдэн хаан нар Түвд дэх буддын шашны улаан малгайтны урсгалыг дэмжих замаар Түвдийг эрхшээлдээ оруулах бодлого явуулж, улааны шашин буюу Гармаавагийн ёсыг баримтлагч, Түвдийн Цогт ноёнтой хүч хавсран, V Далай ламын доройтуулахаар тохиролцсоноор 1634 онд Цогт хунтайж түмэн цэрэг дагуулан Түвдэд иржээ. Цогт тайж чухам тэр үед Ширгийн хотгор дахь тэрхүү дурсгалыг байгуулсан бололтой. 

Тэр үед Далай ламын төлөөлөгч Содномравдан Ойрадаас тусламж гуйж, Хошуудын ноён Төрбайхаас аврал эрсэн байдаг. Харин Цахарын Лигдэн хаан Цогт тайжтай нийлэхээр явах замдаа өвчнөөр тэнгэрт хальж, цахар цэргийн олонх нь тарж бутарчээ. Төрбайх Далай ламын талыг хамгаалан 1637 онд Хөх нуурын орчим Цогт тайжийн цэргийг даран сөнөөсөн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Гэвч Хөх нуурын зарим сэхээтнүүд Цогтын цэрэг, Төрбайхын цэрэгтэй тулгарч байлдаагүй гэж үздэг юм билээ. 

Цогтыг дарсан Төрбайхын гавьяаг үнэлэн Далай ламаас "Данзан Чойжил" цолоор шагнаж, хожим нь Төрбайх ноён "мууг зайлуулагч" гэсэн утгатай “Гүүш” нэрээр алдаршжээ. Дараагийн 3 жил Гүүш хааны цэрэг улааны шашныг нэг мөсөн дарж, бүх Түвдийг эзэлсэн бөгөөд 1642 онд V далай ламд эрхийг шилжүүлэн, өөрөө Амду (одоогийн Хөхнуур муж) орчмыг эзэн мэдэж, түүнээс хойш 90 орчим жил буюу 1723 он хүртэл оршин тогтносон Хошуудын хаант улсын үндэслэн байгуулсан юм. Төрбайх гүүш хаан 1654 онд 73 насандаа таалал төгсчээ

Дээд Монголын Хөхөөт хошууны түүхч Ван Цэхуа: “Би 1964 оны 10-р сард нутгийн хэдэн буурлуудтай хамт “Цогт хааны долоон цонж”-ийг очиж үзсэн. Тэр үед лав таван цонж бүрэн бүтэн байсан. Манай нутгийн настайчуул “Бидний мэдэхээр энд таван цонж байсан. Харин манай дээдчүүл долоон цонж байсан гэдэг” хэмээн хуучилдаг. 1984 оны 8-р сард би домгийг нь тэмдэглэж аваад дахин Ширгийн хотгорт очиход ганц цонжоос бусад нь алга болсон байсан. Үлдсэн тэр цонж 15 метр өндөр, суурийн диаметр нь 30-аад метр, дугариг хэлбэртэй, дунд хэсгээрээ дөрвөлжин хэлбэртэй бөгөөд дөрвөн талдаа нэг нэг хонхор хөндийтэй. Дотор нь улбар өнгийн будаг суулгасан байдаг. Оройн хэсэг нь бөөрөнхий хэлбэртэй. Улаан шавар тоосгоор хийсэн юм билээ. Тоосго нь 40 см урт, 23см өргөн, 9 см зузаан. Өөр юм байгаагүй. Цонжийн баруун өмнө талаас нэлээд малтсан байсан” хэмээн бичсэн байдаг.

 

Түүхийн ухааны доктор (Ph.D) До.Болдхуяг