0007. МОНГОЛЫН ИХ ГҮРНИЙ СУРГУУЛЬ

XIII зууны үеийн Монголын Юань гүрний төр засгийн боловсрол гэгээрлийн дээд байгууллага болох Төрийн хөвгүүдийн сургууль одоогийн Бээжин хотын төв хэсэгт орших Дунчэн дүүргийн Аньдинмэн өргөн чөлөөнд Гүөзы-зень буюу Төрийн хөвгүүдийн гэгээрлийн яамны гудамжинд байрладаг байжээ. Монголчууд дэлхийн дайдыг хураан эзэлж нэгэн төрийн дээвэр дор нэгтгэн авсан хойноо тэр их гүрний олон арван янзын үндэстэн ястны ар түмнүүдийг удирдан жолоодох амаргүй бэрх асуудалтай тулгарсан билээ. Энэ бол мөнөөхөн:

                        Морин дэл дээрээс ертөнцийг хураах амархан,

                        Мориноосоо буугаад ертөнцийг жолоодох хэцүү

хэмээсэн тэр эртний мэргэн сургаал чухам үүнийг заасан буюу. Тийм ч учраас төр, түмнийг удирдан жолоодох мэргэн ухаантай, мэдлэг гүнтэй төрийн түшмэд засгийн ноёд гээд өнөөгийнхөөр бол төрийн албан хаагчид боловсон хүчин зайлшгүй шаардагдах болжээ. Энэ хэрэгцээ шаардлагыг сургууль номын тусламжтайгаар гүйцэтгэх нь мэдээж бөгөөд суурин соёл иргэншилтэй ард түмнээс уламжлан авах нь дамжиггүй байв. Өмнөд хөрш нангиадуудад ийм сургалт гэгээрлийн үйл уламжлал эртний түүхтэй байжээ.

Төрийн хөвгүүдийн сургууль гэгч байгууллагыг XIII зууны үед анх монголчууд бий болгосон мэтээр явцуу авч үзэж болохгүй. Олон мянган жилийн бичиг соёлын өв уламжлалтай Нангиад оронд эрт цагаас янагш төр улс байгуулагдаж, засаглалын байгууламж бий болсон түүхтэй агаад урт удаан хугацааны туршид төгөлдөржин баяжиж иржээ. Харин Монголчуудын байгуулсан Төрийн хөвгүүдийн сургууль, түүнийг эрхлэн хөтлөх Төрийн хөвгүүдийн гэгээрлийн алба нь урьд урьдынхаас өөр, томоохон байгууллага юм. Нэг үгээр хэлэхэд энэ нь төр засагт алба хаших мэдлэг чадвар бүхий өндөр боловсролтой албан хаагчдыг бэлтгэдэг их, дээд сургуулийн шинжтэй байжээ.

Их Монгол Улсын хоёрдугаар хаан Өгөдэй хаан ширээнд суусны хойно төр засгаа бэхжүүлэн бататгах олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь энэхүү Төрийн хөвгүүдийн сургуулийг байгуулах явдал байсан бөгөөд 1234 онд зарлиг гарган байгуулсан энэ сургууль нь нангиадын төрийг засах ёс, түүнийг гүйцэлдүүлэх үүрэг бүхий төрийн албан хаагчдыг сурган бэлтгэх ёс журамд тулгуурлаж, хөгжүүлэн баяжуулсан ажээ. Гүөзы-зень хэмээх нь Төрийн хөвгүүдийн гэгээрлийг эрхлэх алба гэсэн утгатай, хаант төрийн боловсрол гэгээрлийн асуудлыг хариуцан эрхлэх төрийн байгууллага юм. Өнөөгийн ойлголтоор бол энэ нь Боловсролын яам ажээ.

Энэ байгууллагын эрхлэх гол үүрэг ажил бол мөнөөх Төрийн хөвгүүдийн сургууль хэмээх боловсролын газруудыг удирдах явдал байв. Энэ сургуулийн онцлог нь хаан, ван, гүн, ноён түшмэл зэрэг хаант төрийн дээгүүр зэрэг зиндааны угсаа залгамжлагчдын үр хүүхэд, ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдийг сонгон элсүүлж, хууль журам, ёс ёслол, гүн ухаан, хэл бичиг, утга зохиолын боловсрол олгодог байв. 1234 онд Өгөдэй хааны зарлигаар байгуулсан сургуульд анх 18 хөвгүүн элсэн суралцуулсан байдаг. Хубилай хааны үед Төрийн хөвгүүдийн сургууль өргөжин хөгжиж, 1271 онд Юань улсын их нийслэл Дайду-Хаанбалгас буюу өнөөгийн Бээжин хотод Монгол төрийн хөвгүүдийн сургууль, Монгол төрийн хөвгүүдийн гэгээрлийг эрхлэх алба, 1285 онд Уйгур төрийн хөвгүүдийн сургууль, түүнийг эрхлэх алба бий болжээ.

            Юань улсын түүхэнд тэмдэглэснээр бол тус сургуульд “Ачлалт ном”, “Шүүмжлэл өгүүлэл”, “Мэнз бичиг”, “Хэв думд бичиг”, “Их суртахуй” зэрэг Күнз тэргүүт эртний хятадын сонгодог судруудыг үздэг байжээ. Ер нь тус сургуулийн сургалтын хөтөлбөрт монгол, хятад хэл бичиг, гүн ухаан, түүх, соёл, цэргийн хэргийн мэдлэг, харваж намнах ур чадвар, газар зүй, орон судлал, түмэн бодисын судлал, гоо зүй, урлаг судлалын зэрэг хичээл багтдаг байв.

            Хаант төрийн гол цөм болсон монголчууд гүрэн улсад голлон ноёрхож байсан болохоор монгол хэл бичиг голлох байр сууринд тавигдаж ирснээр 1271 онд Хубилай хааны зарлигаар түвдийн Пагва лам Лодойжалцан монголын шинэ үсэг болох Дөрвөлжин үсгийг зохиож, зарлигаар бүх улсын хэмжээнд нэвтрүүлэн хэрэглэх болсон нь монгол хэл, монголын хуучин, шинэ бичиг үсэгтэй төрийн албан хаагчдыг бэлтгэн гаргах хэрэгцээ шаардлага бий болсныг илтгэнэ. Үүний зэрэгцээгээр хаант төрөөс Ил хаадын байгуулсан араб, перс зүгийн улс орнуудтай өргөн хүрээнд харилцах болсны дээр, Юань гүрний харьяанд тэр зүгийн соёл иргэншил, хэл бичиг, ёс заншилтай ард түмнүүд цөөнгүй байсан нь тэнийг удирдан жолоодох мэдлэг бүхий төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдах болсон юм.

            Төрийн хөвгүүдийн сургууль, түүнийг эрхлэх алба улам өргөжин хөгжсөөр, 1302 онд Өлзийт Төмөр хаан зарлиг гаргаж Төрийн хөвгүүдийн гэгээрлийг эрхлэх яам байгуулах, түүний үндэс болсон Күнзийн сүмийг барихаар болжээ. Энэ үндсэн дээр 1308 онд Хайсан хүлэг хаан зарлиг гарган Төрийн хөвгүүдийн сургуулийг өнөөгийн энэ газарт байгуулж сүм, алба, сургуулийн иж бүрэн цогцолборыг бий болгосон байна.

            Гудамжны дунд хавьд Күнзийн сүм, Төрийн хөвгүүдийн сургуулийн цогцолборын төв хаалганы гадна талд хоёр чулуун хөшөө бий. Монгол, хятад, уйгур, самгарди, хожим нь манж, тод үсэг бичгээр бичсэн энэ хөшөөний дээр “Олон түшмэд ба хамаг иргэн энд мориноосоон буу” гэсэн бичээс бий. Энэ нь эртний монгол хэл бичгийн чухал дурсгал, судлагдахуун болохын дээр монголын ёс заншил, хэв журмын тухай ч сонирхолтой мэдээлэл агуулдаг юм. Урьдын цагт монголчууд хошуу тамгын газар, ноёд ихсийн гэр өргөөний өмнүүр өнгөрөн гарахдаа унаа тэрэг, морь, тэмээтэй хүмүүс унаанаасаа бууж, яарч сандран бусдын амгалан байдлыг алдагдуулалгүйгээр аажуу тайван, хүндэтгэл дээдлэлтэйгээр алхан өнгөрдөг байсан гэдэг. Энэ хөшөөний бичээс нь тэр л ёс заншлыг үзүүлсэн, журамлан хэвшүүлсэн утгатай байгаа нь харагдана.

 

            1306 онд Күнзийн сүм ашиглалтад оржээ. Өнөө ч бүрэн бүтнээрээ байгаа энэ сүмийн цогцолбор нь Юань гүрний үеийн уран барилгын хэв загварыг хадгалсан Бээжин хотын цөөн хэдэн барилга байгууламжийн нэг юм. Сүмийн хэрмийн дотор гол хаалганы дэргэд Юань, Мин, Чин улсын үед төрийн албанд шалгаран зүтгэж асан тэр үеийн монгол хэлээр “Орогсод” буюу эзэн хааны их сорилгод орж тэнцэгсэд, өнөөгийнхөөр бол докторын зиндааны эрдмийн зэрэгтэй сэхээтэн бичгийн хүмүүсийн нэр алдрыг мөнхжүүлсэн 118 чулуун хөшөө бий. Тэдгээрийн гуравт нь Юань улсын үед тус сургуульд суралцаж төгссөн сэхээтэн түшмэдийн нэр алдар буйн дотор олон монгол хүний нэр бий.

            Юань, Мин, Чингийн үеийн Төрийн хөвгүүдийн сургуулийн номын сан, багш нарын танхим, оюутны байр, хичээлийн анги танхим өнөө ч хадгалагдан үлджээ. Тухайлбал Төрийн хөвгүүдийн сургууль руу орох их дааман хаалгыг Юань улсын үеийнх гэж хөтөч-тайлбарлагч нь хэлж байлаа.

           Күнзийн сүмийн хашаан дотор анхаарал татахуйц асар сүүдрэвч бүхий аварга яст мэлхий суурьтай том чулуун хөшөө хэд бий. Тэдний нэгийг нь 1725 онд манжийн их цэрэг Хөх нуурыг цэрэглэж, монголчуудын бослогыг дарсны их баярт зориулан Энх-Амгалан хааны зарлигаар босгосон бол нөгөөг нь 1755 онд манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан Зүүнгарын хаант улсын бослогыг дарж, нийт Монгол орныг бүрнээ эрхшээсний их баяр цэнгэлд зориулан босгосон байх жишээтэй. Энд лав гурван ийм хөшөө цагийн мананг нэвтлэн цадиг түүх өгүүлэнхэн, өвгөн моддын өтгөн мөчирт бүүвэйлэгдэн нам гүмхэн нойрсох ажгуу.

Күнз бол одоогоос 2500 шахам жилийн өмнө аж төрж асан хүн төрөлхтний их сэтгэгчдийн нэг. Түүний аж төрж асан тэр цаг үед Ийсус Христ, Бурхан Будда, Аристотель, Платон, Архимед, Геродот, бас Хятадад Лаоз, Минз, Моз, Жуанз гээд их сэтгэгчид төрөн гарч, хүн төрөлхтний оюун сэтгэлгээний их ололт болсон номлол, сургаалуудаа бясалган туурвисан цаг үе билээ. Тиймээс ч манай тооллын өмнөх тэр зурвас үеийг хүн төрөлхтний оюун сэтгэлгээний үүр цайлт, оюуны өглөө гэж нэрлэдэг. Күнзийн суртал зөвхөн хятадад төдийгүй Зүүн Ази, нийт дорно дахины бүх улс оронд тархан дэлгэрч, тэдгээр хэдэн зуун сая хүн ардын оюун санаанд соёолон үндэслэсэн байдаг. Тийм ч учраас Япон, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Индонези, Малайз, Сингапур, Тайланд гээд Зүүн Азийн бүх улс орныг бүхэлд нь Күнзийн соёлын хүрээний улсууд гэдэг юм.

Харин олон мянган жил зэрэгцэн оршиж ирсэн Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдэд энэ үзэл суртал яагаад хүрээгүй вэ, яагаад тэдэнд шингээгүй вэ? гэвэл нүүдэлчин ард түмнүүдэд өөрийн гэсэн, хүчтэй үзэл суртал байсан учраас бусдаас өөр үзэл суртал авах хэрэг байсангүй, тэр үзэл суртал нь бусдаас дутуугүй хүчирхэг байсан учраас тэднийг өөрийн хүрээнд оруулалгүй, хөндөлдөн бат зогссоор, сөрсөөр иржээ. Тэр бол нүүдэлчдийн үндсэн, өнө эртний сэтгэлгээ болсон Тэнгэрийн үзэл юм. Хоёр мянга хоёр зуун жилийн өмнө нүүдэлчдийн ертөнцийг нэгтгэж Хүн гүрнийг үндэслэсэн Моодун шаньюй тэнгэр шүтлэгтэн байсан, түүнээс найман зууны хойно алс Европод нүүдэллэн очиж, их гүрнээ байгуулсан Аттила ч тэнгэр шүтлэгтэн байсан, бас түүнээс найман зууны хойно дэлхийн эзэнт гүрэн байгуулсан Чингис хаан ч тэнгэр шүтлэгтэн байсан, түүнээс найман зууны хойнох өнөөгийн монгол үндэстэн аанай л тэнгэр шүтлэгтэйгээ хэвээр байгаа билээ.

            Күнзийн сургаалыг товчхон нэг өгүүлбэрээр илэрхийлье гэвэл “энэ нь хүмүний аж төрөх ёсыг номлосон сургаал” болой. Күнзийн суртал бол шашин биш, харин амьдралын тухай дэг сургууль мөн. Хүн ер нь хэрхэн аж төрөх ёстой, хоорондоо хэрхэн харьцах ёстой, юуг сайн, юуг муу гэж үзэж, юуг эрхэмлэн дээдэлж, юунаас жигшин жийрхэх ёстойн тухай сургаал юм. Үүгээрээ манай эрдэмт их хувилгаан, говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн сургаал номлол Күнзийн сургаалтай эн зэрэгцэх мэт санагддаг юм аа. Энд түүний хоёр сургаалаас эшлэн дурдасу:

“Арван тавтайдаан номын далайд умбаж,

Гуч хүрээд сая би тогтоньюу.

Дөчтэйдээн энэ ертөнцийн элдэв явдалд

Эргэлзэх сэтгэл минь арилавай.

Тавьтайдаан тэнгэрийн бошгыг ухаж,

Жартайдаан чих минь алт болж,

Далтайдаан сэтгэлээн чагнан дагах боловой” 

хэмээсэн нь хүн гэгч ер тухай тухайн насандаа тэр л түвшинд хүрч, тэр хэмжээ хязгаарт төлөвшин тогтнож байдгийг өөрийн биеэр үлгэрлэн жишээлж төсөөлж хэлсэн учиртай болой. Тэгвэл бас: “Гуч хүртлээн эхнэр аваагүй хүмүн түүнээс цааш эхнэр авах юун, дөч хүртлээн төрд зүтгээгүй хүмүн түүнээс цааш төрд зүтгэх юун, тавьтайдаан гэрээн бүү зас, жартайдаан жугуулчлалаар бүү од!” гэдэг аж. Хэрхэн чингэж сурганам гэхүл угтаан хүмүн гэгч ерөөс тэр л насандаа тухайн үйлийг хийж, тухайн явдлаар явах учиртай, үгүй асаар тэр цаг нас хэтэрсэн хойно чингэж үйлдэх боломж бололцоо нь хомсдож холдоод, энэ бүх цэнгэл жаргалыг амсаж эдлэх цаг үе нь нэгэнт өнгөрч одсон байдаг хэмээсэн үг болой.

            1980-аад оны үед үүнийг өгүүлэгч бээр МУИС-д оюутан байхад миний номын багш, их эрдэмтэн Чой.Лувсанжавтан эртний хятад хэлний хичээл заадаг байв. Тэрээр Күнзийн сургаалын худам монгол, хятад, манж гурван хэлийн хадмал орчуулга бүхий эртний судраас оюутнуудад хувилан тарааж өгдөг байсан нь одоо санахул эрт дээр цагт Төрийн хөвгүүдийн сургуульд заадаг байсан Күнзийн сургаалын орчуулга, хадмал ном судрын хэсэг байсан байж мэдэх юм аа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР