0008. ХУБИЛАЙ ХААНЫ ДЭЭД НИЙСЛЭЛ ШАНДУ ХОТ

НҮБ-ын судлаач шинжээч “Юань гүрний дээд нийслэл Шанду хотын түүх байхгүй бол Монголын түүх, дэлхийн түүх дутуу болно” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд Юань гүрний дээд нийслэлийн үнэ цэнэ, байр суурь ямар байсныг илтгэж байна.

Алтанхуа-гийн тал, Шанду голын хойд эрэгт нэгэн том хэмжээний эртний хотын туурь үлдсэн байдаг. Энэ нь 750 гаруй жилийн өмнөх “Юань гүрний Дээд нийслэл” юм. Юань гүрний хөгжил, улмаар хятадын цоо шинэ түүхэн үе шатууд энэ хотоос эхлэлтэй.  Хятадын түүхэн дэх хамгийн том тал нутгийн нийслэл хот байжээ. Эдүгээ Шанду хотын туурь нь Өвөрмонголын Шулуун хөх хошууны нутагт, Шилийн гол аймгийн Долоннуур тойргийн төвөөс баруун тийш 28км, Бээжин хотоос чанх хойш 275км зайд оршдог. Хотын өмнө хэсгээр “шанд” хэмээх гол урсдаг ба монгол бичгээр “шанду” хэмээн бичдэг, хятадаар “шань ду” гэдэг нь “дээд нийслэл” гэдэг утгыг илэрхийлдэг учраас энэхүү нэршлүүд давхацсанаар Шанду хот хэмээн алдаршжээ.

Анх 1260 оны 6-р сард Хубилай хаан Кайпин буюу Шанду хотноо өөрийн талын ноёдоор хүрээлүүлэн “Их хуралдай” хуралдуулж өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн. Кайпин хотыг байгуулах зарлигийг 1255 онд Мөнх хаан гаргаж барьж байгуулах ажлыг 1256-1259 онд гүйцэтгэжээ. Хубилай хаан 1263 онд зарлиг гарган Кайпин хотыг “Юань улсын Дээд нийслэл” хэмээн зарлаад “Шанду” хэмээн нэрийдсэн.

Шанду хот нь Хархорум хотын дараа орох хоёр дахь том хот болон хөгжиж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлээр тэргүүлж байв. Хааш хаашаа 2200м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Гадаад хот”, зүүн өмнө хэсэгт хааш хаашаа 1400 м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Дотоод хот”, хааш хаашаа 500м үргэлжилсэн урт хашаатай “Хубилай хааны зуны ордон буюу Хэйвэн ордон” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг ба ид цэцэглэн хөгжиж байхдаа 100 мянган хүн амтай байжээ.

1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, галдан шатааснаар Шанду хот мөхсөн юм. 2002 оноос хамгаалалтанд авах ажил эхэлж 2008 онд Хятадын Засгийн газраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлд бүртгүүлжээ. Энэхүү Дээд нийслэлийн туурийг харьцангуй сайн хадгалагдсан гэж үзэж байна. Одоогийн туурь 1430 оноос хойш хадгалагдсан туурь бөгөөд “Хубилай хааны ордон хот”, “Дотоод ордон”, “Гадна ордон”-оос гадна хотын ус зайлуулах систем, зээлийн гудамж, булш, хотын хэрэм, хотын хаалга, зам, сүм хийд, худалдааны төв, орон сууц, сан хөмрөгийн байшин, одон орныг судлах төв зэрэг барилгын ором үлджээ.

Шанду хот нь умардын нүүдэлчдийн соёл иргэншлийн бүс нутаг, өмнөдийн газар тариалан эрхлэх хятадын соёл иргэншлийн бүс нутгийн газарзүйн уулзвар газар болдог онцлогтой. Шанду хот нь монголчуудын сэргэн мандалт, хөгжил цэцэглэлт, хятад газрын зам харилцаа ба худалдаа наймааны чухал цэг болж монгол хятадын өвөрмөц нэгдлийн түүхийг харуулсан чухал баримт бүхий дурсгал юм.

Шанду хот болон Дайду (Одоогийн Бээжин) хоорондоо 270 км зайтай. Шанду хот нь Яньшань уулын ар талд, Дайду хот нь Яньшань уулын өвөр талд байрлаж байжээ. Дайду хот нь анх Алтан улсын нийслэл гэгдэх Янь Жин хот байсан бөгөөд 1264 онд Хубилай хаан Жунду хэмээн нэрийг нь өөрчилснөөр Жунду нь жинхэнэ нийслэл хот, Шанду нь туслах нийслэл хот болсон байна. Хубилай хаан хожим Жунду хотын нэрийг “Их нийслэл буюу Дайду” гэдэг нэрээр өөрчилжээ. Дайду гэдэг нь “Хаан балиг буюу Их нийслэл” гэсэн утгатай аж. Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас 1260-1264 онд Шанду руу, 1264 оноос Дайду хот руу тус тус шилжүүлсэн юм. 1271 онд Хубилай хаан улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь “уг үндэс, язгуур угсаа” гэсэн утгатай ажээ.

Хожим Европод Шанду хот нь “Мөрөөдлийн хот Занаду” хэмээн нэрлэгдсэн байдаг. Хубилай хаанаас хойш 500 жилийн дараа “төрсөн” түүний тухай алдарт шүлэг. Английн эзэн хааны утга зохиолын нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, яруу найрагч  Самуэл Тэйлор Коларажийн 1797 онд зохиосон “Хубилай хаан” шүлэг нь дэлхийн зуун шилдэг яруу найрагт тогтмол шалгарч, эдүгээ ч англи хэлт уран зохиолын судлагдахуун болсоор иржээ. С.Колараж нь тухайн цагийнхаа авъяас билэг төгөлдөр гарамгай зөнч найрагч байсан ба тэрбээр Хубилайн хааны байгуулсан анхны нийслэл Шанду хотод хэзээ ч хөл тавьж байгаагүй хэрнээ зүүд нойрондоо тус хотоор аялжээ. Тус шүлэгт өгүүлэх Шанду хотын тухай Италийн алдарт жуулчин Марко Поло “Мөрөөдлийн хот Занаду” хэмээн аяллын тэмдэглэлдээ бичиж баруун Европын орнуудад таниулсан байдаг.

Колараж эмчийн жороор бага зэрэг никотины хольцтой эмийг хүртээд сандал дээрээ 3 цаг гүн нойронд умбасан бөгөөд урьд хожид үзээгүй тийм сонин орноор аялжээ. Гаднаас хашхирах чимээнээр сэрэхдээ тэрхүү зүүдэнд буусан шүлгээсээ 300 хүртэл мөрийг санаж байсан гэдэг. Үзэг бэх, цаасаа шүүрэн авч бичиж эхэлсэн боловч өрөөнд нь нэгэн албаны хүн орж ирэн дахин дахин нэг зүйл асуусаар анхаарлыг нь сарниулжээ. Түүнийг гарсны дараа үргэлжлүүлэн бичих гэтэл үлдсэн мөрүүдээ эргэж огт санаагүй гэдэг. Ердөө 54-хөн мөр л бичигдсэн байсныг манай нэрт зохиолч, орчуулагч, дипломатч Дамдины Бямбаа монгол хэлнээ хөрвүүлжээ.

... Ариун мөрөн урсах Шанду хэмээх нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд дүвлэжээ.
Цэнгэлийн их ордны сүүдэр
Цэнхэр долгисон мандалд тусахдаа
Усан оргилуурт агуй ангалаас
Эргэн ирэх элдэв дууг түрэн нижигнэнэ
Мөн ч ер бусын дүр зураг энэ бөгөөд
Мөсөн агуйтай, цэнгэлийн нарлаг их орд ажээ....

.... Нарлаг их ордыг мөст агуй хавцалтай нь
Намуухан агаарт би сэтгэлээрээ барьж сүндэрлүүлнэ.
Тэр дууг сонссон хэн бүхэн их ордыг олж хараад
Тэргэл алдран бүү сарни, бүү сарни гэж дуу алдана....

...Тэнгэрт Хааны гялалзсан мэлмий, гилэлзсэн үс тодорно
Дээдсийн дүрийг тойрон гурвантаа хүрээ үүсэхүйд
Дэмий л сүрдэж биширсэндээ нүдээ анин хүсэхүйд
Диваажингийн сүү амсаж бал амтлан
Дэлгэр их жаргал эдэлсэн мэт болно...

Хожим Америкийн эрдэмтэн Андрей Салсидо 1992 онд тусгай зөвшөөрөл авч Шанду хотод ирсэн бөгөөд XIII зуунд Марко Поло-гоос хойш Шанду хотод ирсэн барууны 4 дэх хүн, Америкийн анхны хүн болж зочилсондоо сэтгэл нь маш их догдолсон гэдэг. Тэрбээр Коларажийн “Хубилай хаан” шүлгийг уншаад Шанду хотод ирж үзэх хүсэлдээ автжээ. Шүлэгт Шанду голыг “Алф” гэж тэмдэглэсэн бөгөөд түүнийг барууны уран зохиолын толь бичигт “диваажингийн ертөнцөөс доошоо наран үл хүрэх далай тэнгис дэх агуй хонгилд урсах ариун мөрөн” хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Мөн эртний Грекийн нэгэн домогт голын бурхан Алфиус нь Аристуса хэмээх байгалийн хүчний эзэн лус савдагт дурлаад араас нь гүйгээд байхаар нь Аримсэс хэмээх онгон эмэгтэй бурхан түүнийг оргилуур болгон хувиргажээ. Тэр Алфиус бурхны нэр явсаар Алф хэмээх богино нэртэй болсон байна. Андрей Салсидо Шанду голыг харангуутаа “Ариун Алф” хэмээн дуу алдан хашгирсан гэдэг. Зөнч яруу найрагч Колараж шүлэгтээ Шанду голыг Алф хэмээн бурхны нэрээр нэрлэснийг эрдэмтэн Д.Бямбаа гуай орчуулахдаа “ариун мөрөн” хэмээн орчуулжээ.

Домогт өгүүлснээр, Шанду хотын доор үнэт эрдэнэс хадгалдаг зоорь бий, харин орох хаалга үүд нь худагт байдаг. Шандугийн нутагт байсан хятадын Вү Юй гэдэг фермийн эзэн зоорийг олтол юу юугүй нойр нь хүрч хаалганы дэргэд унтаад өгч. Сэрэнгүүтээ энэ тухайгаа хүмүүст хэлэх гэтэл шал өөр газар сэрсэн гэдэг. Мөн нутгийн хүмүүс 1945 онд япончууд ухарч явахдаа Шандугийн тууринд хэд хоносон бөгөөд тэд үнэт эрдэнэсийг аваад явсан гэж ч ярьдаг ажээ. Коларажийн шүлгэнд  “...Мөсөн агуйтай, цэнгэлийн нарлаг их орд..., Нарлаг их орд мөст агуй хавцалтай...” гэх зэргээр Шандугийн их ордыг агуй ангалтай холбон бичжээ. Ямартаа ч Шанду хотын туурь балгад сонин содон үүх түүхийг хадгалдаг аж.

Шанду хот нь зун цагт ихэнхдээ зэрэглээтэн харагдах бөгөөд униар манантай, тэнгэрт цагаан гантиг баганууд, өнгө өнгийн чулуунуудтай үнэхээр сүр жавхлантай харагддаг байжээ. Колараж ийнхүү ордныг өөрийн санаагаар тэнгэрт сүндэрлүүлэн барьж, түүнийгээ цаасан дээр бийр бэхээр буулгажээ.
Шандугийн шар талд шаргачин зээр гүйлдэнэ
Шандугийн шаргал хүн чулууд чанх өөдөөс ширтэнэ
Шандугийн шар хөшгөөр шанх тэнгэрийн багана чинадаас ч үзэгдэнэ...

Web Admin